top of page

Орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, хог хаягдлын менежментийг сайжруулах тухай

  • Writer: Molomjamts Lkhagvasuren
    Molomjamts Lkhagvasuren
  • Apr 10
  • 3 min read

2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/424 дугаар Захирамж


ree

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.21 дахь заалт, 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх заалт, 9.3.6 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоолоор батлагдсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орчны бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, хог хаягдлын менежментийг сайжруулах талаар доор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Багахангай, Багануур, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай:

1.1.нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг сайжруулах чиглэлээр цэвэрлэгээний машин техникийг хариуцсан талбайд нийцүүлэн хүчин чадавхыг нэмэгдүүлэн тогтмол ажиллуулах, зам талбайн үйлчлэгчийн тоог норм стандартын дагуу нэмэгдүүлэх, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах, улирлын онцлогт тохирсон зам талбайн цэвэрлэгээний технологийг боловсруулан технологийн картыг бий болгон хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган нийтээр дагаж мөрдүүлэн хэвшүүлэх;

1.2.шөнийн хог тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлж шаардлагатай бүсүүд, гэр хороодод хог тээвэрлэлтийг сард 2-оос доошгүй удаа зохион байгуулж, хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх зэрэг хог тээврийн хуваарийг мөрдүүлэх;

1.3.нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа төр болон хувийн хэвшлийн бүх шатны байгууллагуудын хариуцах цэвэрлэгээний ажлын хил хязгаарыг тогтоосон зураглал, тухайн орчин нөхцөлд тохирсон хог хаягдлын сав болон цас мөс, хог цэвэрлэх хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тэдгээрийг хадгалах сав, эмх цэгцийг хариуцсан эзэнтэйгээр зохион байгуулж ажиллуулах;

1.4.нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохиромжтой цэгүүдэд иргэдийн амрах чанартай сандал, хогийн савны шинэчлэлийг холбогдох стандарт норм, дүрэм, бодит амьдралд үүсч байгаа хэрэгцээ шаардлага, судалгаанд үндэслэн тогтоон шинэчилж байршуулах, засвар үйлчилгээг тогтмол хийх, ахуйн бохирдлыг эрс бууруулж, тамхины цэг, нийтийн бие засах газрыг менежменттэйгээр хөгжүүлэх;

1.5.бороо, цас усны нөлөөгөөр бохирдол, лаг шавар ихээр үүсч байгаа шороон авто замын хэсгүүдэд иргэдийн авто машинаар аятай зорчих нөхцөлийг сайжруулсан үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, гол төв авто зам бүхий гудамж руу зөөвөрлөгдөн орж ирж байгаа шороо бохирдлоос үүдсэн тоосжилтын нөлөөг бууруулах арга хэмжээг зохион байгуулах;

1.6.иргэн, аж ахуй нэгж байгууллагын худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг хог тээврийн гэрээг байгуулахтай уялдуулж сунгахад тухайн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа хорооны Засаг даргын дэмжсэн саналыг үндэслэдэг болох;

1.7.явуулын засвар үйлчилгээний бригадыг тогтмол ажиллуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн эвдэрсэн сандал, хогийн сав, хайс хашлага, бордюр, явган замыг засаж сайжруулах;

1.8.дүүргийн нутаг дэвсгэрт эх үүсвэр дээр нь хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дорвитой арга хэмжээ авч ажиллах;

1.9.хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын өдөр тутмын ажилд зураг авалт хийж тариф нэмэгдүүлэх үндэслэлтэй саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлэх.

2.Дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудыг хог хаягдлын менежментийн нэгдсэн арга зүй, зохион байгуулалтаар хангах, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын удирдлага, менежер, инженер техникийн ажилчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэшүүлсэн сургалт зохион байгуулж ажиллах, дүүргүүдээс ирсэн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нэгж тарифыг нэмэгдүүлэх саналыг нэгтгэн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын гүйцэтгэлийн чанарт үнэлгээ дүгнэлт өгөх хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж, захиалагчаас хараат бус ажиллах нөхцөлийг ханган ажиллуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга (Ц.Төрхүү)-д үүрэг болгосугай.

3.Нийслэл Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн хил хязгаар, одоогийн ашиглалтын байдлыг шалгаж, хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, төвлөрсөн хогийн цэгийн төлөвлөлт, доторх авто замын нөхцөл болон автопүү, дэд бүтэц, ариутгал халдваргүйтгэл, бүртгэл мэдээллийг сайжруулах, төвлөрсөн хогийн цэгийн газрын хэмжээ, хог дарж булах талбайг нэмэгдүүлэх, үйлчилгээний хурдан шуурхай байдлыг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга (Ц.Төрхүү), “Нийслэлийн хот тохижилтын газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (Б.Мөнхцэцэг)-т даалгасугай.

4.Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, аж ахуйн нэгжийн хог тээвэрлэлт, нийтийн эдэлбэр газрын эд хөрөнгө, тохижилттой холбоотой зөрчлүүдийг илрүүлж хамаарал бүхий иргэн, байгууллага, хороо, дүүрэгт хууль, журам, норм, стандарт, технологийн дагуу шаардлага тавьж зөрчлийг шуурхай шийдвэрлүүлж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар (Р.Энхтайван), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (П.Эрхэмбулган)-т тус тус даалгасугай.

5.Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, аж ахуйн нэгжийн хог тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх норм, стандарт, технологийн шаардлагыг сайжруулах, шинэчлэн батлуулах, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга (Ц.Төрхүү), Хотын стандарт, хяналтын газар (С.Төмөрдулам)-т тус тус даалгасугай.

6.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригт үүрэг болгосугай.

bottom of page